Тэтгэлэг олгох бодлого

Close

МОНЭС-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн Тэтгэлэг олгох хөтөлбөр нь сан бүрдүүлэх замаар, хүний эрхийг дээдлэх, ил тод, нээлттэй, шударга байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлгүүд, төрийн бус байгууллагуудад санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж, эмэгтэйчүүдийн амьдралд эерэг өөрчлөлт бий болгох, эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.

МОНЭС-ийн 2016-2020 оны стратегийнхаа хүрээнд

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгах
  2. Эмэгтэйчүүдийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг дэмжих,
  3. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх,
  4. Охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх,
  5. Эмэгтэйчүүдийн эрх ба байгаль орчны шударга ёсыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх
  6. Эмэгтэйчүүдийн амьдралын чанар, статусыг сайжруулах чиглэлд тэтгэлэг олгоно.

Тэтгэлэг нь дээр дурдсан чиглэлээр нийгмийн орхигдсон бүлэгт олон нийтийн эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх, нуугдмал, далд хэлбэрийн асуудлуудыг шийдвэрлэх, хүний эрх болон эмэгтэйчүүдийг хамгаалахад жендэрийн тэгш байдлыг хангах, бодлогын болон хууль эрх зүйн орчныг сайжруулахад шийдвэр гаргагчдад эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа, хөдөлгөөнийг дэмжих, охид эмэгтэйчүүдэд боломж, нэмэлт нөөцийг бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү журмыг МОНЭС-ийн ажилтнууд Тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон тэтгэлэг олгохдоо баримтлах зарчим, үйл ажиллагааны удирдамж хэлбэрээр ашиглана.

Тэтгэлэг горилогч нь энэхүү журмыг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл өгөхөөс эхлээд хэрэгжиж дуусах хүртэл заавал дагаж мөрдөнө.

Тэтгэлэг олгох тухай

МОНЭС нь олон улсын хандивлагч байгууллага сангууд болон дотоодоосоо сан бүрдүүлэх замаар нөөцийг хуримтлуулж эмэгтэйчүүдийн бүлэг, ТББ-уудад төсөлд суурилсан болон үүссэн нөхцөл байдал, асуудалд суурилсан, богино хугацааны буюу 4 сараас 1 жил хүртэлх, дунд хугацааны буюу 1 жилээс дээш хугацаанд хэрэгжих төслүүдийг санхүүжүүлнэ.

Тэтгэлэг олгох төслийг МОНЭС-гийн дээр дурсан 6 стратегийн хүрээнд зарлах эсвэл шууд хэлбэрээр олгох бөгөөд бүрдүүлсэн сангийн дүн, донор байгууллага, хандивлагчийн шаардлагаас шалтгаалан тогтмол эсвэл тогтмол бус байна.

Тэтгэлэг горилогч нь МОНЭС-аас зарласан төсөл хэрэгжүүлэх тэтгэлгээс гадна гэнэтийн үүссэн нөхцөл байдал, онцгой тохиолдлуудад МОНЭС-д тэтгэлэг хүссэн өргөдөл ирүүлэх боломжтой. Энэ тохиолдолд МОНЭС-ийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдал, санхүүжүүлэгч байгууллага, хувь хандивлагч нарын шаардлага зэргээс хамааран шийдвэр гаргаж, санхүүжүүлэх эсэхийг шийднэ.

МОНЭС нь стратегийн 6 чиглэлийн хүрээнд дараах үр дүн, зорилтод хүрэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Тэтгэлэг нь дараах зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ:

  • Нийгмээс ялгаварлан гадуурхагдсан буюу нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа охид, эмэгтэйчүүд (хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, архины хамааралтай, эрх чөлөөгөө хасуулсан/ял эдэлж буй, нэн ядуу гэх мэт)
  • Орон нутгийн болон үндэсний хэмжээнд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч эмэгтэйчүүд
  • Охид эмэгтэйчүүдийн өөрийн удирдах байгууллага, бүлэг
  • Хүний эрхийн хамгаалагч, феминист үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэгч, иргэний нийгмийн төлөөлөл манлайлагч охид, эмэгтэйчүүд
  • ЛБТ олон нийт
  • Жижиг, дунд/өрхийн бизнэс эрхлэгч, санаачлагч, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй эмэгтэйчүүдийн бүлэг
  • Жендэрийн ялгаварлан гадуурхалтанд өртсөн эсвэл баялагийн тэгш бус хуваарилалтын хохирогч болсон эмэгтэйчүүд
  • Жендэрт суурилсан  ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн хохирогч эсвэл хохирогч болох өндөр эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдийн бүлэг.
  • Байгаль орчны шударга ёс, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн сөрөг нөлөөллөөс үүдэлтэй эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд
  • Хувь хүн
  • Улс төрийн нам
  • Шашны байгууллага
  • Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага

Тэтгэлгийн хүрээнд санхүүжүүлэх үйл ажиллагаанууд

Тэтгэлгийн санхүүжилт нь МОНЭС-гийн стратегийн чиглэл, зорилтуудад хүрэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:

  • Эмэгтэйчүүдэд шууд хүрч хамтран ажиллах, тэднийг чадваржуулах
  • Нөлөөллийн үйл ажиллагаа: шаардах бичигт гарын үсэг цуглуулах, хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан гэх мэт.
  • Хэлэлцүүлэг: уулзалт, хурал, чуулган, мэдээллийн хуудас боловсруулах, бэлтгэх, хэвлүүлэх гэх мэт.
  • Кампанит ажил: олон нийтийг идэвхжүүлэх, дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн олон нийтийг болон зорилтот бүлэгт чиглэсэн, тэднийг хамруулах үйл ажиллагаа.
  • Чадавхжуулах сургалт: төслийн үр өгөөж хүртэгчид эсвэл зорилтот бүлгээс гадна эмэгтэйчүүдийн бүлэг, ТББ өөрсдийн мэдлэг ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх сайжруулах, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн чадавхжуулах сургалт
  • Танилцах болон суралцах аялал: төслийн хүрээнд бусдын сайн туршлагатай танилцах, харилцан суралцах, өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байна.
  • Бодлогын хэрэгжилтэнд мониторинг хийх: үндэсний болон орон нутгийн түвшинд хууль, шийдвэр, хөтөлбөр, тогтоол тушаал, дүрэм, журмуудад мониторинг болон үнэлгээ хийх, мониторинг, үнэлгээ хийх загварчлал боловсруулах, мониторинг, үнэлгээний үр дүнд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах гэх мэт.
  • Судалгаа: тухайн асуудлын хүрээнд зайлшгүй судлах хэрэгцээ бүхий судалгааны ажил, асуудлын мөн чанар, суурь үзүүлэлтийг тодорхой гаргаж ирэх зорилго бүхий судалгаа зэрэг орно
  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг: МОНЭС-гийн Стратегийн чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхүйц, үлгэр жишээ охид, эмэгтэйчүүдийн төлөөллөө сонгон шалгаруулж сургалтын тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахгүй үзүүлэлтүүд

Дараах нөхцөлд МОНЭС-гийн зүгээс тэтгэлэгт хамруулахгүй:

  • Өмнө хэрэгжиж байсан эсвэл бусдын төслийн санал, санааг 30 болон түүнээс дээш хувь агуулгын хувьд хуулбарласан;
  • Хувь хүмүүсийн ирүүлсэн төсөл
  • Бизнесийн байгууллага, бизнес төсөл
  • Улс төрийн нам, шашны байгууллагын үйл ажиллагаа, сурталчилгаа
  • Зорилтот бүлэг, төслийн үр өгөөж хүртэгчид нь гадаад улс оронд амьдардаг
  • Төслийн захиргааны зардал нь нийт төсвийн 20 хувиас дээш бол,
  • Төслийн төсвийн дийлэнх хувийг тоног төхөөрөмж худалдан авах бол.