Хөдөө орон нутгаас шилжин ирсэн охид залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах хөтөлбөр

Монголын эмэгтэйчүүдийн сангаас охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв ТББ-д тэтгэлэг олгож, “Хөдөө орон нутгаас шилжин ирсэн охид залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах” төслийг 2017 оны 4 сараас 12 сарыг хүртэл хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод шилжин, суурьшиж ирсэн охид, залуу эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй бэрхшээл, нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байдаг эсэх, эрх нь зөрчигдөж буй хэлбэр, цаад шалтгааныг нь судлах судалгаа хийсэн. Судалгаанаас гарсан үр дүнгээс дурдвал, судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 65 хувь шилжилт хөдөлгөөн огт хийлгээгүй, шилжилт хөдөлгөөн, хаягийн бүртгэл хийлгээгүйгээс эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулахгүй байх, ажил хөдөлмөр хийж байх үедээ хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас эрх нь зөрчигдөх, оюутны дотуур байр, түрээсийн байр, хамаатан садныхаа гэрт амьдрах үедээ хүчирхийлэл, дарамтанд өртөх эрсдэл өндөр, соёлын ялгаатай байдлаас шалтгаалж үе тэнгийнхний зүгээс ялгаварлан гадуурхах хандлага их байдаг гэх мэт бэрхшээлүүд байна.

Мөн энэхүү төслийн хүрээнд, хөдөө, орон нутгаас шилжин суурьшиж ирсэн охид залуу эмэгтэйчүүдийг хүний эрх, жендэрийн мэдлэгтэй болох хөтөлбөрт хамруулсан. Хөтөлбөрөөр залуу эмэгтэйчүүд өөрсөддөө тулгарч буй асуудлаа хамтаараа хэлэлцэх, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан нөлөөллийн ажил санаачлан зохион байгуулах, үе тэнгийнхэндээ туслах, мэдээлэл хүргэх бүлэг бий болж ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *