Zurag

Өөрчлөлт хийх замнал: Ази дахь Эмэгтэйчүүдийн эрх ба олборлох уурхайн асуудлаар мэдлэгээ нэмэгдүүлсэн нь

Хамгийн эхэнд,


бид олборлох уурхай гэж юу болох, энэ нь байгаль орчин болон тухайн орон нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлдэг болох, эдгээр уурхайн сөрөг нөлөөлөлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө бид юу хийх ёстой талаар тодорхой ойлголт төсөөлөл бидэнд бага байлаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн арван долоон жилийн турш охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилласан бидний хувьд энэ бол цоо шинэ ойлголт байсан юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын нөлөөгөөр Монгол улс уул уурхайн улс болж хувирсан билээ.

Эдгээр ашигт малтмал, уурхайн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрүүдийн дүнд ядуурал буурч, амьдралын чанар нэмэгдэнэ гэсэн хүлээлт бидэнд байсан. Харамсалтай нь уурхайн сөрөг нөлөөллөөс шалтгаалан өнөөг хүртэл бид ядуу амьдарч, амьдралын чанар буурахад хүрэв. Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа нь эмэгтэйчүүд болж байгааг бид ч удахгүй ойлгож эхлэв. Тиймээс бид энэ асуудалд өөрчлөлт хийхээр шийдсэн юм. Гэвч яаж? гэсэн энэ асуултад хариулт авах үүднээс Энэтхэг улсад болсон туршлага солилцох аялалд оролцсон юм.

Орон нутгаас бүсийн түвшинд бусдаас суралцсан нь:


Солилцооны хөтөлбөр бидэнд үйл ажиллагаанаас бодлого хүртэл, орон нутгаас бүсийн түвшинд, өнгөрсөн туршлагаас ирээдүйн чиг хандлагыг суралцах баялаг боломжийг лекц, хэлэлцүүлэг болон газар дээр нь очиж туршлага судлах хэлбэрээр олгосон. Ялангуяа, Энэтхэгийн олборлох үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, өнгөрсөнд болсон үйл явдал туршлага, ирээдүйн чиг хандлагын асуудлаар мэргэшсэн хүмүүсээс бид олон зүйлийг ойлгож, сурч авсан. Түүнчлэн, олборлох уурхайн хохирогч болсон орон нутгийн уургуул эмэгтэйчүүдийн төлөөллөөс уурхайн эсрэг олон нийтийг хэрхэн идэвхижүүлэх, компанит ажлын хэрхэн амжилттай зохион байгуулах, энэ асуудлаар баг болж хэрхэн ажиллахыг суралцах сайхан боломжийг олж авсан юм. Нөгөө талаас бид уурхайн нөлөөллийг орон нутгийнханы нүдээр хэрхэн харж, ойлгохыг суралцсан.

Гайхайлтай нь олборлолт хийх үйл явц дахь орон нутгийн иргэдийг хуурч мэхлэх, орон нутгийн удирдлага/лидерүүдийг худалдан авах, уурхайн компанийн эсрэг тэмцэж байгаа орон нутгийн манлайлагчдыг айлган сүрдүүлж буй хэлбэр, хүний эрхийг зөрчиж буй байдал нь бүх улсад яг адилхан байв. Түүнчлэн, тухайн орны төрийн ажилтнуудын авилгалд идэгдсэн байдал, орон нутгийн иргэдийн хуулийн мэдлэггүй байдал тэднийг улам эмзэг өртөмтгий болгож байдаг нь бүх улсуудад ижилхэн, давтагдаж байв.

Өөрчлөлт хийх замнал руу:


Энэтхэгийн туршлага солилцох уулзалтаас олж авсан хамгийн том ололт юу байсан бэ гэж асуувал, бид өөрчлөлт хийх эрч хүч олж авсан гэж хариулах байна. Туршлага солилцох хөтөлбөрийн өмнө бид олборлох уурхайтай холбоотой яг ямар асуудал үүсээд байна, үүнийг шийдвэрлэхийн тулд хаанаас, хэзээ, юуг эхэлж хийхээ мэддэггүй байсан. Хөтөлбөрийн дараа бид өөрсдийн нөхцөл байдлыг дахин үнэлж, хаанаас эхэлж юу хийхээ олж харсан. Бид солилцооны хөтөлбөрөөс сурсан шинэ мэдлэг, туршлагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, уг төлөвлөгөөндөө олборлох уурхайн сөрөг нөлөөллийг харуулах зорилготой баримтат кино хийх, төслийн багт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжлийн баг байгуулах, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг олгох хялбаршуулсан гарын авлага боловсруулах, “Жендерийн үр нөлөөг үнэлэх нь” аргачлалыг орчуулах ажлуудыг хийхээр тусгалаа.

Эцэст нь дүгнэхэд, энэхүү солилцооны хөтөлбөр нь бие биенийхээ мэдлэг чадвар, туршлагаас суралцахаас гадна ижил салбарт бүс нутагтаа манлайлан ажиллаж байгаа манлайлагчидтай найз болж, ялгаатай олон соёлоос суралцсан сайхан боломж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *