20150821163630 0f1a23c170bc150boriginal

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн суурь судалгаа хийгдлээ.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан  /МОНЭС/-гаас 2017 оны 1-р сараас эхлэн Ананда ОУБ-ын санхүүжилтээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” гурван жилийн хугацаатай төслийг Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэг дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Төслийн эхний шатанд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой мэдээ баримт цуглуулах, хууль эрx зүйн болоод боловсролын бичиг баримтуудад дүн шинжилгээ хийх, өнөөгийн нөхцөл байдлын үнэлэхэд чиглэгдсэн суурь судалгааны ажлыг гүйцэтгэхээр БСШУСЯ, НБГ, МУБИС-СӨБС, ГБХЗХГ, Хөөрхөн зүрхнүүдийн аян, Хүүхэд хамгааллын сүлжээ, Ард Голомт ТББ-уудтай хамтран ажиллалаа.

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 11 цэцэрлэгийн 4-6 настай 450 орчим хүүхэд, 150 гаруй багш болон туслах багш, 150 орчим эцэг эх хамрагдаж, аймаг/дүүрэг/сумын удирдлага, нийгмийн ажилтан, сум/өрхийн эмч, цагдаа болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид зэрэг 60 гаруй хүмүүс оролцлоо.

Судалгааны үр дүнгээс товч дурдвал цэцэрлэгийн багш/туслах багш болон эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлын ач холбогдлыг үнэлж байгаа ч энэ талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сургалт семинар хомс байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар сэтгэл зовнидог боловч хүүхэдтэйгээ энэ талаар ярьдаггүй гэж хариулжээ. Цаашлаад судалгаанд хамрагдсан багш, эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдгийг “бие махбодийнх”, “зөвхөн хүүхдүүд холбогддог” гэсэн өрөөсгөл ойлголттой байгаагаас гадна бие махбодийн шийтгэлийг ардын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх ёс гэж андуурах явдал байна. Түүнчлэн, хүүхдүүд аливаа хүчирхийллийн талаар эцэг эхдээ хэлэхэд, “хов зөөлөө” хэмээн эцэг эхчүүд тэднийг буруутгаж байгаа нь хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж, хүчирхийллийн тохиолдол цаашаа мэдээллэгдэхгүй үлдэхэд хүргэж байна.

Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд тухайн орон нутгийн ажилтан, мэргэжилтнүүд улс төрийн намын харъяаллаар 4 жил тутам солигддог, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг, хамтарсан багаар ажилладаггүй, хоорондын уялдаа холбоо муу, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүй дутмаг, асуудлын ач холбогдлыг сайн ойлгодоггүй учир хэрэгжүүлж буй ажлын хөтөлбөртөө тусгадаггүй гэсэн үр дүн гарчээ.

Дээрх судалгааны үр дүнд үндэслэн, цэцэрлэгийн багш ажилтнууд, эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг чадвар олгох цогц сургалт семинар тогтмол явуулах, бага насны хүүхдүүдийн насны онцлогт тохирсон сургалтын арга зүй боловсруулах, орон нутгийн хамтарсан баг болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, ТББ-ын ажилтнуудын чадавхийг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг судалгаа хийсэн баг гаргасан байна.

Төсөл хэрэгжүүлэх багийнхан суурь судалгааны дэлгэрэнгүй тайланг 8-р сард хэвлүүлэн тараахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *